Хэвтээ Босоогийн агуй нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан суварга хэмээх байгалийн үзэсгэлэнт газрын ойролцоо оршино. Дундговь аймгийн Өлзийт сумаас 70 км, Уланбаатараас 426 км, Мандалговиос 156 км, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 40 км зайтай үзэсгэлэнт Цагаан суваргын зүүн талд хойт өргөргийн 44″30″, зүүн уртрагийн 106″57″-д Э.Авирмэд уулын хөндий говь дунд байрладаг. Уг агуй нь гарал үүслийн хувьд элэгдэл эвдрэлийн гаралтай.
Агуйд орохдоо зогсоогоороо, улмаар бөхийж, цааш явган суун мөлхөж, хамгийн нарийн хэсэгт нь элгээрээ газарт наалдан мөлхсөөр агуйн нөгөө амаар нэвт гардаг юм. Ийм ч учраас Хэвтээ Босоогийн агуй хэмээн нэрлэжээ.
Энэхүү нутгийг зорин очсоноор их говийн үзэсгэлэн, гайхамшигт үлгэрийн орон гэмээр шавар ханан хавцал, уран сүмбэр шавар товцог, эрт галавын их далайн эрэг ирмэг, өргөн их говийн үзэсгэлэн төгс суварган цав, 70 метр урт үргэлжлэх Хэвтээ босоогийн агуй, говь нутагт ховорхон тохиолдох хайлаасан төгөл, элсэн манхан, Дэл уулын үзэсгэлэн төгөлдөр хадан хавцал, хадан зургийн галерей, хүрлийн үед холбогдох үй олон сүг зургийн сан хөмрөг, эртний ургамал амьтдын үлдэгдэл, Говь нутгийн уулсын өвөрмөц сонин тогтоц, говийн аргаль, янгир, зээр, хар сүүлт, хулан, үнэг,чоно зэрэг ан амьтан, модлог бутлаг ургамал, нүд алдам талыг үзэж сэтгэл баясах болно.
Цагаан Суварга нь эртний далайн ёроолын тунамал хурдаснаас тогтсон, Цэрдийн галавын үеийн эгц цавчим мөрөгцөг юм.
Цагаан Суваргаас гадна Болдын Ам, Дөрөө Хангинах, Хөх Өндөр, Өлзийт хуудас, Хөх Цав зэрэг үзэсгэлэнт газрууд олон бий.
Агуйг аялал жуулчлалд төдийгүй аж ахуйд өргөнөөр ашиглаж байна. Агуйн сүг зураг болон эртний хүмүүсийн соёлын үлдэгдэл нь жуулчдыг татах хүчтэй хэрэгсэл болдог. Тухайлбал Малайзын Ниахын Их агуйд 40,000 жилийн өмнө эртний хүмүүс аж төрж байсан ажээ. Германд Хённэ агуйд судлаачид эртний хүмүүс хүний мах зооглож байсны ул мөрийг илрүүлжээ. Агуй нь эрт цагийн уур амьсгалын нөхцлийн талаар мэдээлэл өгдөгөөрөө геологийн үнэт мэдээллийн эх үүсвэр болдог. Агуй нь нөхөн сэргээлтэнд өргөнөөр ашиглагдаж, агуйн аялал нь эр зоригийн спортын нэгэн төрөл болоод байна. Агуйн аялалд зориулан гадаадад агуйг тусгай гэрэлтүүлэг, шал зэргээр тохижуулдаг. Мөн түүнчлэн агуйг усанд шумбахад, шүхрээр үсрэхэд ашиглаж байна гээд бод доо. Агуйн тогтмол температур, чийглэг ихтэй агаар зэргийг нь дарс, бяслаг хадгалахад ашиглаж байна.
Агуйд ороход анхаарах зүйлс: exclusively from Melody:
Агуйд орохдоо хальтрахааргүй, ул сайтай гутал, бие сайн далдалсан хувцас өмсч, өвдөгөө болж өгвөл хамгаалахад илүүдэхгүй, мөн өмдний шуумгаа оймс гутлан дотроо хийвэл элдэв шороо тоос шавар шавхай, бууц зэргээс хамгаална. Цэнхэрийн агуй мэт маш их бууц, шувууны сангас ихтэй байдаг. Заавал малгай өмс. Цэвэрч хүнд бээлий хэрэг болно. Ямарч гар чийдэн агуй дотор ороход гологддог гэдгийг санаарай! Тиймээс яг агуйд орохын өмнө гар чийдэндээ шинэхэн зай хий, нэг бол маш хүчтэй тусгалтай гар чийдэн хэрэглэ. Гар чийдэнгээс гадна мэдээж толгойд зүүдэг гэрэл зайлшгүй байх шаардлагатай гэдгийг уншигч Та андахгүй. Хайрцаг чүдэнз халааславал бас давхар даатгалтай гэсэн үг. Гэхдээ зарим агуйд газрын гүнээс элдэв хий ялгарч байдгийг бүү мартаарай, чүдэнз асаахад дэлбэ үсэрвэл яана. Агуйд орохдоо элдэв үнэр танар сайн мэдрэх нь чухал. Метан мэтийн хий хурц үнэртэй байдаг шүү дээ.
За мөн агуйд орох цагаа зөв сонгох нь чухал. Хээрийн амьтны хэвтэр болдог агуй зөндөө шүү дээ. Агуйд мөлхөөд ортол өөдөөс чоно дайрвал яана. Тиймээс өглөө эрт агуйд орохоос татгалзсан нь зүйтэй. Амьтны ул мөр ялгадсыг сайн шинжиж малынх биш юм шиг харагдаж байвал дуу чимээ сайн өгч, хоорондоо чангаар ярилцах хэрэгтэй. Жуулчдын хамт агуйд орж байгаа тохиолдолд хөтөч бид л урд нь гараад мөлхдөг шүү дээ. Салаа бүхий агуйд орохдоо төөрөв дөө. За тиймдээ ч Та арай тулахгүй байлгүй дээ. Амжилт хүсье!
|
2009-12-23 -