2008-12-24
Сүүлчийн Неандерталь бүсгүй
1994 оны 3-р сард Умард Испанийн нэгэн агуйд аялж явсан залуус агуйн салаа руу оров. Хөл доор нь юм тээглэхэд, хартал хүний эрүүний яс шорооноос цухуйж байв. Гэмт хэргийн ул мөр оллоо хэмээн цагдаад мэдэгдсэн залуус 43,000 жилийн өмнө өөд болсон хүмүүсийн 140 ширхэг ясыг илрүүлжээ. Хожим судлаачид малтлагаар 1500 гаруй яс олсон нь хамгийн ихээр Неандертальчуудын үлдэгдэл олдсон газраар EL Sidron агуйг алдаршуулав.
ДНХ-н шинжилгээгээр тэдгээр хүмүүсийн насыг төдийгүй үхлийн шалтгааныг, гадаад төрхийг нь тогтоожээ. Тэрхүү шинжилгээний дүнгээр, тэдгээр хүмүүс цайвар арьстай, улбар өнгийн үстэй байсан аж. Аймшигтай нь, энэ агуйд 9 Неандерталь хүн байсны 5 нь насанд хүрэгч, 2 өсвөр насны хүүхэд, 8 настай нэг хүүхэд, 3 настай нэг бяцхан жаал байсан агаад тэд бүгдээрээ хэн нэгэн өөр хүний зоог болжээ. Доорх зургаас Та эрүүний ясыг мөлжихдөө үлдээсэн хурц үзүүрт зэвсгийн мөрийг тодхон харж байна уу?
Тэр ч байтугай ясыг нь хагалж ясны чөмөг амтархан идсэн байна хэмээн Мадрид хотын Байгалийн Ухааны Үндэсний музейн ажилтан, палеонтологийн судалгааг удирдан явуулж буй судлаач Антонио Розас ярив.
Анх 1856 онд Неандерталийн хөндийд шохойн чулуу олборлож байсан ажилчид хоёр хачин хэлбэртэй гавлын яс олсноор шинжлэх ухаанд Неандерталь хүн гэдэг ухагдахуун төрсөн бөгөөд судалгаагаар, тэдгээр Неандертальчууд булчинлаг, намхан, цээжний хэнхэрцэг томтой хүмүүс байжээ. Мөстлөгийн үеийн хүйтэн уур амьсгалд амь аврагдахын тулд Неандерталь нас бие гүйцсэн эрийн нэг өдрийн хоол тэжээлийн хэрэгцээ нь 5000 калори буюу өнөөгийн Тур де Франс дугуйн уралдааны тамирчны нэг өдөрт зарцуулдаг калорийн хэмжээтэй тэнцэж байжээ /тооцсон судлаач Steven E.Churchill/.
60,000 жилийн өмнө Неандертальчуудыг шахан зайлуулж эсвэл бүгдийг нь идэж дуусгасан уу бидний өвөг дээдэс эх газрыг эзэгнэсэн бөлгөө. Чухам ямар учраас 200,000 жилийн турш Еврази тивийг ноёрхсон Неандертальчууд устан үгүй болсныг хэн ч хэлж чадахгүй.
Харин судлаачид болон ихэр ах дүү Альфонс, Адри Кеннис нар эрдэмтэдтэй хамтран ДНХ-н шинжилгээг хослуулан дээрх Неандерталь эмэгтэйг 6 сарын хөдөлмөрийн дүнд бүтээжээ.
28,000 жилийн өмнө тэр нэгэн үдэш хамгийн сүүлчийн Неандерталь хүн Горхамын агуйд дагжин чичирч далайн давалгаан чимээг чагнан гал түлж, чулуун зэвсгээ гартаа атган нойрсчээ.
Доорх зургаас харж буй Горхамын агуй нь Гибралтарын хоолойд орших бөгөөд агуйн гүнд, ханан дээр улаан зосон будгаар гарын таван хурууны мөр хэд хэдийг үлдээжээ. Зосон будгийг шинжлэхэд 20,300-19,500 жилийн өмнөх мөр ажээ. Орчин цагийн хүн агуйн хананд өөрийн засаглалаа тунхаглан уг гарын мөрийг үлдээжээ. "Одоо энэ бол бидний ертөнц " хэмээв.
National Geographic сэтгүүлийн 2008 оны 10-р сарын дугаарын "The Other Humans" нийтлэлээс.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1264 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2010-06-07 - WOW