Орчин үеийн шинжлэх ухаанд Криптозоологи буюу криптид гэдэг ойлголт байдаг. Криптид гэдэг нь дэлхий дээр байдаг гэж улс үндэстнүүд ам дамжин ярьдаг боловч яг байдаг нь нотлогдоогүй амьтад ажээ. Жишээ нь алмас.
Эрт дээр үеэс алмасын тухай Хойд Америкийн индиануудаас авахуулаад янз бүрийн үлгэр домог, болсон явдал яригдсаар ирсэн бөгөөд Yeti, Big Foot, Abominable Snowman гэх мэтийн олон нэр томьеогоор нэрлэсээр иржээ. Анх 1800-аад оны үест алмасын тухай мэдээлэл барууны ертөнцөд хүрчээ. Алмасыг Төвд, Балба улсын нутагт, Гималайн нуруунд олноор байдаг гэж үздэг. 1832 онд Б.Х.Ходжсоны аяллын тэмдэглэлийг "Бенгалийн Ази Нийгэмлэгийн Сэтгүүл"-д нийтэлсэн бөгөөд уг нийтлэлд Ходжсон Умард Балбад аялахдаа өндөр, бүх бие нь бараан өнгийн үсээр хучигдсан, хоёр хөл дээрээ явдаг амьтныг олж харснаа бичиж, түүнийг орангутан мич хэмээн нэрлэж байжээ. 1889 онд "Among the Himalayas" номондоо Лоренс Уэддэл алмасны мөрийн тухай олон баримтыг иш татсан хэдий ч, өөрөө тэдгээрийг том баавгайн мөр гэж үзжээ. Нэр дурьдсан хүмүүс алмасны тухай өөрсдийн хөтөч, нутгийн иргэдээс сонсож мэдсэн нь тодорхой. 20-р зуун эхлэхэд өндөр уулсын бүсэд аялах явдал эрчимжиж, барууныхан Төвд Балбаар аялах нь түгээмэл болсноор алмасны тухай мэдээлэл олширход хүргэв: 1925 онд Цэмү мөсөн голын ойролцоо д.т.д. 4,600 м өндөрт алмас харснаа Газарзүйн Нийгэмлэгийн зурагчин Н.А.Томбази бичжээ. Томбази алмасыг 180-270 м зайнаас харсан бөгөөд тэр нь яг хүн шиг явж, үе үе тонгойн жижиг бутлаг ургамал түүж, цасан дээр бараантан харагдаж, ямарч хувцас өмсөөгүй байжээ. Хоёр цагийн дараа уулнаас Томбази уруудан мөрийг нь очиж үзжээ.
1950-аад онд алмасыг сонирхох явдал оргил цэгтээ хүрчээ. 1951 онд Эвэрестэд авирах оролдлогын үеэр Эрик Шиптон 6,000 м өндөрт алмасны мөр олж зургийг нь авсныг олон нийт хүлээн зөвшөөрөлгүй, ямар нэгэн амьтны мөр хайлмагтсан цасан дээр хэлбэрээ алдаад тэгэж харагдана гэжээ. 1953 онд алдарт Эдмунд Хиллари, Тензин Норгэй нар /анх Эвэрестэд авирсан хоёр/ алмасны мөр харснаа илтгэж байснаа хожим тэр үгээ няцаах болов. Сэтгүүлчдээс залхсан бололтой. 1954 онд Алмасны Экспедицийг Жон Анжело Жексон удирдан алмасны олон дүрслэлийг болон олон тооны мөрний зургийг авчээ. Тэрээр Панбучи хийдээс алмасын гэгдэх гавлын ясны үлдэгдэл хадгалагдаж байсныг мэдээд үс хялгасных нь дээжийг профессор Фредерик Вүүд Жонст хүргүүлжээ. Жонс гуай тэдгээр хялгасыг баавгай, мич мэтийн олон амьтдынхтай харьцуулан олон ч хоног өдөр микроскоп шагайн суусан ч чухам ямар амьтных болохыг тогтоож чадаагүй хэдий ч, мич, баавгай, ер нь нэр мэдэгдэх ямарч амьтных биш ээ гэсэн дүгнэлт гаргажээ. 1957 онд Америкийн нефтийн магнат Том Слик алмасын эрэлд явах хэд хэдэн экспедицийг санхүүжүүлсний дүнд 1959 онд судлаачдын олсон алмасны ялгадаснаас шинжлэх ухаанд танигдаагүй шимэгч олджээ. Биологийн төрөл зүйл болгон өөрийн гэсэн өвөрмөц шимэгч паразитуудтай байдаг учраас тэрхүү амьтныг бас л нээж илрүүлэх хэрэгтэй гэжээ. 1970 онд Аннапурна оргилд авиралт хийж байсан Дон Вилланс нэгэн үдэш алсаас дуулдах хачин хашгирааныг сонсчээ. Түүний хөтөч шерпа нар алмас орилж байна гэж ярилцаж байв. Шөнө дундын үед түүний майхнаас холгүй бараан, хүн дүрст зүйл хөдөлж байхыг харжээ. Өглөө нь цасан дээр нэлээд олон мөр олсон ба орой нь хоол эрж буй алмасыг 20 орчим минутын турш дурандсан гэдэг. 2007 оны 12-р сард АНУ-ын телевизийн нэвтрүүлэгч Жошуа Гейтс багийнхныхаа хамтаар Эверест орчмоос алмасны хэд хэдэн мөр олжээ. Мөр тус бүр 33 см урттай байсан бөгөөд мэдээж хөлийн 5 хуруутай байж. Айдахо муж улсын их сургуулийн доктор Жефри Мэлдрам тэдгээр мөрийг /тодруулбал, мөрний дардасыг/ нарийвчлан судласны эцэст хуурамч биш болохыг хүлээн зөвшөөрөв. 2008 оны 7-р сарын 25-нд BBC агентлагийн мэдээлснээр, Дипу Мапак гэгч хүний олсон "алмасны үсийг" Их Британи улсын Вашингтон Брүүксын Их сургуульд ДНХ-н шинжилгээнд оруулсны эцэст, харамсалтай нь, Гималайн Горал гэгч амьтных болох нь тогтоогджээ.
2008 оны 10-р сарын 20-нд долоон япон уулчин алмасны мөрний зургийг авчээ. Багийн ахлагч Yoshiteru
Takahashi өмнө нь 2003 онд тэнд экспедицэд оролцож явахдаа алмас харсан гэж нотолдог бөгөөд аз таарвал ирээдүйд алмасны зургийг авахыг хүсдэг ажээ.
1430 онд Монгол гүрэнд аялсан герман эр Ханс Шилтбергерийн үлдээсэн тэмдэглэлд алмасны тухай болон монгол тахийн тухай дурьджээ. Тэр ч байтугай Николай Пржевальский өөрөө Монголд 1871 онд алмас ажигласан гэдэг.
Алмасыг үзэхдээ Неандертальчуудын үлдэгдэл, эсвэл нэгэн төрлийн мич, эсвэл санах ойгоо алдсан зэрлэгшсэн хүн, эсвэл домгийн хуурмаг баатар гэх мэт янз бүрээр тайлбарлаж байна.
|
2015-01-31 -