Зарим аалзны тухай Монголын өмнөд говьд тоонолжит аалз, талын цагаан тэмээн аалз, хилэнцэт аалз, загийн шар аалз тархах ба тэд шөнийн цагт идэвхитэй явж хоол тэжээлээ олж иднэ.
Загийн шар аалз - арваалж (Galeodes solifugides) Монголын өмнөд говьд загийн шар аалз элбэг тархжээ. Хурдан гүйж харайхаас гадна үсэрч чадна. Загийн шар маш өвөрмөц үйл хөдөлгөөнтэй, ууртай догшин, ховдог амьтан тул бие биеэ барьж идэх, бусад төрлийн аалзыг хазаж гэмтээн барьж идэх явдал ч бий. Загийн шар нь өөрөөсөө хор гаргадаггүй. Хазах үед хошуун дээрх хоол тэжээлийн үлдэгдэл арьсны гүнд нэвтэрч бохир оруулснаас нэлээд өвчтэй булдруу үүсч, заримдаа цус шүүрч шархална. Анхны тусламж: Хазуулсан газартаа мөсөөр жин тавьж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Талын цагаан тэмээн аалз (Lycosa singoriensis) Талд нүх ухаж амьдардаг. Энэхүү аалзны хор мэдрэлийн системд үйлчилдэг учраас хазуулахаас болгоомжилбол таарна. Хазуулсны дараагаар толгой эргэх шинж тэмдэг илэрнэ. Хэрэв амин газар хазуулсан тохиолдолд шууд ухаан алдаж унана. Тэр хүнээс аль болохоор дайжин бултаж зайлдаг онцлогтой бөгөөд зөвхөн айж сандарсан үедээ биеэ хамгаалах зорилгоор хүнийг хазна. Анхны тусламж: Аалзанд хазуулсан даруй чангалуур боолт хийж эмнэлэгийн тусламж авах хэрэгтэй.
Хилэнцэт аалз (Scorpionida) Мод, бутны унасан навч, чулууны ан цав, шавьжны нүх, шоргоолжны үүр, бусад нүх, хонгилд г.м чийгтэй газрыг бараадаж амьдардаг. Болхи удаан хөдөлгөөнтэй боловч айж цочсон үедээ маш шаламгай, хурдан гүйж чадна. Хилэнцэт аалз нь хүчтэй хортой. Хор нь амьсгал боогдуулах, мэдрэлийн системийг саатуулах үйлчилгээтэй. Хазуулсан тохиолдолд хавдаж, халуурна. Удаан хугацаагаар халуурч явбал ухаан алдаж унадаг. Анхны тусламж: Хазуулсан газартаа мөсөөр жин тавьж эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй.
Зарим могойн тухай
Бамбай хоншоорт могой - Agkistrodon halys Ихэвчлэн хул шарга юмуу хар хүрэн өнгөтэй. Биеийн зүс нь маш хувьсамтгай бөгөөд говь, цөлийн бүсэд цайвар буюу бор шарга өнгөтэй байдаг байна. Их бие нь 70 орчим см урттай. Нуруу, сүүлний дагууд хөндлөн бараан толботой. Энэхүү зүйлийн могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг байна. Монгол орны аль ч нутагт харьцангуй олон тоогоор тохиолдох элбэг тархалттай зүйл. Хортой могой.
Тэмээн сүүл могой – Erix tataricus Бие нь ойролцоогоор 90 орчим см урттай, боровтор зүстэй. Хэвлий цайвар өнгөтэй, нуруу, биеийн хажуу талаар бор хүрэн, хар хүрэн торлосон толботой. Ихэвчлэн шөнийн амьдралтай, заг, зээргэнэ, нохой шээрэн, хармаг, торлог зэрэг мод, сөөг бүхий довцог элс, сайр садрага, сухай, зэгс, хулстай баянбүрдээр тархан байршдаг. Гүрвэл, мэрэгчдээр хооллодог, VI-VIII сарын хооронд 3-34 хүртэл зулзага гаргадаг. Монгол улсын номонд ховор зүйлийн статустайгаар бүртгэгдсэн. Амьдрах орчин доройтох, зараанд идүүлэх зэргээр хорогдож байгаа.
Нарийн могой – Columber spinalis 57 см орчим нарийхан биетэй, дээд талаасаа дугуй хавтгай хоншоортой. Цайвардуу бор зүстэй, духнаас нурууны голоор тууш цагаан шаргал судалтай байдаг нь бусад могойноос ялгагдах онцлог нь юм. Маш хурдан шаламгай хөдөлгөөнтэй. Цөл, цөлөрхөг хээр, хуурай хээрийн бүсийн хад асгатай уулсын суга, бэлээр сөөг бүхий элсэрхэг хөрстэй газраар байршдаг. Мэрэгч амьдтадын нүхэнд орогноно. Ихэвчлэн гүрвэлээр хооллодог. Хоргүй могой. Монгол орны өмнөд нутгаар өргөн тархсан боловч маш ховор тохиолддог, Монгол улсын улаан номонд ховор зүйлийн статустайгаар бүртгэгдсэн байна.
Суман могой – Psammophis lineolatus 90 орчим см урт биетэй, хоншоорын дээд тал тууш ховилтой. Биеийн нуруун тал цайвар шаргал юмуу цайвар хүрэн өнгөтэй. Толгойн хэсгээс эхлэн биеийн тууш дагууд үргэлжилсэн 4 бараан судалтай. Эм могой нь 5-11 өндөг гаргадаг. Монгол орны өмнөд хэсгээр тухайлбал: Алтайн цаадах говь, Говь Алтайн нуруу, хойд говийн зарим нутгаар тархсан байдаг. Элбэг тархалттай боловч цөөн тоогоор тохиолддог.
|
2016-11-29 -